“Монгол Улс 2030 онд 30000 цахилгаан автомашинтай болно гэж тооцоолсон”

Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цахилгаан тээврийн хэрэгслийн талаар ярилцлаа.
-Шатахууны хомсдолтой үед цахилгаан автомашин иргэдийн дунд илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Зам, тээврийн яам цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар 2020 оноос хойш цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэвтрүүлэх урт, дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвөн сайдын хамтарсан төлөвлөгөө гарсан. Үүний дагуу хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2020 онд 100 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгүүлж байсан бол 2026 оны байдлаар 2850 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Мөн байгаль орчинд ээлтэй хийн хөдөлгүүртэй, бензин-дизель хосолсон, бензин-цахилгаан хосолсон тээврийн хэрэгслүүд импортоор орж ирж байгаа. Hybrid төрлийн 520 орчим тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 2000 гаруй нь 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
-2027-2030 он хүртэл цахилгаан автомашины хэрэглээг ямар түвшинд хүргэх зорилт тавьсан бэ?
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Бидний тооцооллоор 2028 он гэхэд 10 мянгад хүрэх боломжтой гэсэн прогнозтой байгаа.
Мөн Монгол Улс 2030 он гэхэд 30 мянга орчим цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болно гэсэн Дэлхийн банк болон холбогдох байгууллагуудтай хийсэн хамтарсан судалгаа бий. Үүнд хүрэхийн тулд бидэнд тулгамдаж буй гол асуудал нь дэд бүтэц юм.
Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй “Ногоон өртөө” төслийг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эхлүүлсэн. Мөн олон улсын болон улсын чанартай 8000 орчим км зам дагуу аялал жуулчлал, “Ногоон өртөө” зам дагуух нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх боломжтой байхаар нийт 58 цэгийг тодорхойлсон. Улаанбаатар хотод мөн 40 орчим цэгийг тодорхойлох ажил хийгдэж байна.
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын бүртгэлтэй хэдэн цахилгаан автомашин байгаа вэ? Сүүлийн 3-5 жилд цахилгаан автомашины тоо хэдэн хувиар өссөн бол?
-Монгол Улсад нийт 2850 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 87 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Мөн Гашуунсухайт боомтоор 40 орчим, Шивээхүрэн боомтоор 20 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл орж ирсэн. Түүнчлэн есдүгээр сараас Гашуунсухайт боомтоор 100 гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл орж ирэх тул дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байна.
-Цахилгаан автомашиныг аль улсаас хамгийн их импортоор оруулж ирдэг вэ. БНХАУ-аас орж ирж буй автомашины эзлэх хувь хэд вэ? Япон, АНУ, БНСУ зэрэг орноос хэдэн хувь нь импортлогдож байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 42 орчим улсаас тээврийн хэрэгсэл импортолдог. Үүний 80 хувийг Япон улс эзэлдэг бол цахилгаан тээврийн хэрэгслийг ихэвчлэн БНХАУ-аас импортолж байна. Дэлхийн улс орнууд, үйлдвэрлэгчид 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлд шилжинэ гэдгээ зарласан. Тиймээс манай улс ч мөн адил байгаль орчинд ээлтэй, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээнд шилжих нөхцөл байдалтай байна.
–Монголд өнөөдөр цахилгаан автомашин унах нь шатахуунтай автомашинтай харьцуулахад мэдээж хэмнэлттэй байгаа байх. Харин манай орны өвлийн -30, -40 хэмийн нөхцөлд батарейн ажиллагаа хэр байдаг вэ. Хөдөө орон нутагт явахад ямар хүндрэл гардаг бол?
-Монгол орон цаг уур, орчны нөхцөл байдлын хувьд нэлээд хүнд, эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа өвлийн улиралд цахилгаан тээврийн хэрэгслийн батерейн хүчин чадал 40-50 хувиар буурдаг гэсэн тооцооллыг Дэлхийн банк 2022 онд цаг уур, орчны нөхцөл байдалтай уялдуулан хийсэн. Иймээс үүнд тохируулан дэд бүтцээ сайжруулж, цэнэглэх станцуудыг байгуулах замаар цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна.
–Одоогоор Монголд цэнэглэх станц хангалттай юу. Улаанбаатар болон улсын чанартай авто зам дагуу цэнэглэх сүлжээг өргөжүүлэх төлөвлөгөө бий юу?
-Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн судалгаагаар одоогоор цахилгаан тээврийн хэрэгслийн 27 цэнэглэх станц байгуулагдсан. Үүний дийлэнхийг хувийн хэвшлийнхэн байгуулсан. Харин орон нутагт 10 цэнэглэх дэд бүтэц байгуулагдсан гэсэн тоо бий.
-Цахилгаан автомашин худалдан авбал төрөөс ямар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх вэ?
-Цахилгаан тээврийн хэрэгсэл 100 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагддаг. Үүнээс гадна сүүлийн үед импортоор орж ирж байгаа хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг татварын хөнгөлөлтөд хамруулах асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүдэд танилцуулж, санал авч байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэг хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт бий. Энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцэд хөрөнгө оруулсан тохиолдолд татвар ногдох орлогын нэг хувийг хөнгөлөх зохицуулалт юм. Үүнд тавигдах нөхцөл, шаардлагыг Зам, тээврийн сайдын тушаалаар баталдаг. Сүүлийн үед авто зам дагуу үйлчилгээний газар байгуулж, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг мөн татварын хөнгөлөлтөд хамруулах асуудал яригдаж байна. Энэхүү татварын хөнгөлөлтийн ач холбогдол нь томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд төрд шаардлагатай байгаа дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд оршдог.
–Дэлхийн улс орнуудаас цахилгаан автомашины хэрэглээг хамгийн амжилттай бодлогоор дэмжсэн ямар улс орнууд байна вэ? Тэдний туршлагаас Монголд нутагшуулах боломжтой ямар шийдлүүд байгаа вэ?
-Бид өмнө нь Дэлхийн банкаар холбогдох судалгааг хийлгэж байсан. Харин одоо байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилгоор зам, зогсоолын төлбөр, хураамж, НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээрээс Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг туршилтын журмаар судалж байна. Мөн нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын хэмжээнд эхний ээлжид 40 орчим цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтэц, цэнэглэх зогсоол байгуулах чиглэлийг Ерөнхий сайдаас авсан. Эдгээр ажлын зарим нь хэрэгжиж эхэлсэн.
Тухайлбал, цахилгаан тээврийн хэрэгслийг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх, шинээр олгох улсын дугаарыг чөлөөтэй болгох зэрэг арга хэмжээг олон улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
БНХАУ-аас цахилгаан тээврийн хэрэгсэл их хэмжээгээр импортолж байгаатай холбоотойгоор тус улсын зарим байгууллага өөрсдийн хөрөнгөөр дэд бүтцийг хамтран байгуулах санал тавьсан. Гэсэн хэдий ч бид эхний ээлжид дотоодын төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судална. Үүний дараа гадаадын улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн цаашид зарим үйлдвэрлэгч орон Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санал тавьсан. Иймд манай улс цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх байгууламж бий болгох боломжийг мөн судалж байна.


