Мэдээ
✍️ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БЭЭЖИНГИЙН ЗАМ, ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАЖ БУЙ 150 ГАРУЙ МОНГОЛ ОЮУТАНТАЙ УУЛЗЛАА.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.09.23) БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуульд хэлний бэлтгэл, бакалавр, магистрын түвшинд суралцаж буй 150 гаруй монгол оюутан залуустай уулзаж, тэдний суралцах орчин, мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, цаашдын зорилго болон Монгол Улсын тээврийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээний талаар санал солилцлоо.
- Уулзалтын үеэр сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын тээврийн салбарын хөгжилд мэргэшсэн, шинэ мэдлэг, дэвшилтэт технологийг эзэмшсэн хүний нөөц чухал ач холбогдолтойг онцолж, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад эзэмшиж буй мэдлэг туршлагаа эх орныхоо хөгжилд зориулж, улс эх орондоо ирээдүйн хөгжлийг цогцлоохыг оюутан залууст уриаллаа.
- Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, шинэ технологийн нэвтрүүлэлт, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар оюутнуудад мэдээлэл дуулгаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
- Бээжинд суралцаж буй монгол оюутнуудын зүгээс Монгол Улсын тээврийн салбарын хүний нөөцийн бодлого, мэргэжлийн дадлага, туршлага хуримтлуулах чиглэл, төгсөөд эх орондоо ажиллах боломж зэрэг асуудлаар санал солилцлоо.
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан залуучуудын санал санаачилгыг сонсож, салбарын хүний нөөцийг Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтран бэлтгэхийн зэрэгцээ төгсөгчдийг эх орондоо ажиллах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч ажиллахаа илэрхийллээ.
- Мөн сайдын зүгээс 130 жилийн түүхтэй, туршлага мэдлэг арвин, Бээжингийн их сургуульд суралцаж, сайн мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хөрш орны хэл, соёлын боловсрол, хүмүүжил төлөвшилдөө анхаарч, аль ч улсад суралцсан, тухайн орныхоо соёл, ёс заншлыг хүндэтгэн, эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, эвтэй найртай, хичээл зүтгэлтэй суралцахыг нийт оюутнуудад захиж, хичээл сурлагад нь өндөр амжилтыг хүслээ.
- Түүнчлэн Монгол Улсын тээврийн салбарын хөгжлийн дараагийн үеийг олон улсын стандартад нийцсэн мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдээр хангах нь ЗТЯ-ны урт хугацааны хөгжлийн бодлогын чухал хэсэг болохыг онцолж, амжилттай ахицтай суралцаж буй зарим оюутнуудыг шагнаж урамшууллаа
Хуваалцах:


