✈ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

✅Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банкны Салбарын үйл ажиллагааны I газрын (Тээвэр, Эрчим хүч) Ерөнхий захирал Хидэаки Ивасаки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.28/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон Азийн хөгжлийн бакны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Юуны өмнө Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын бүхий л салбарт хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг байж ирсэнд талархал илэрхийлээд ялангуяа тус банкны хөрөнгө оруулалтаар авто замын салбарт 60 гаруй төсөл хэрэгжүүлж, үүний үр дүнд Монгол Улсад 1200 гаруй км хатуу хучилттай авто замын сүлжээ бий болсныг онцлон тэмдэглэв.
Тэрбээр “Зам, тээврийн салбар нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахын хувьд салбарын хүчин чадлын нэмдэгдүүлэх, тээврийн үйлчилгээний үр ашгийн нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад чиглэгдсэн томоохон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа бөгөөд цаашид ч Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллахад таатай байх болно. 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Миний бие Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Арора тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан ба банкны зүгээс Улиастай-Алтай чиглэлийн авто замын үлдэгдэл 80 км болох Цагаанчулуут-Алтай хэсгийн авто замын барилгын ажил болон Налайх-Багануур чиглэлийн 90 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчлэх ажлыг багтаан хэрэгжүүлэхэд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг тодотголоо.
Хариуд нь төлөөлөгч Хидэаки Ивасаки “Бид өнөөдөр дараагийн хэдэн жилийн хамтын төсөл хөтөлбөрүүдээ ярилцаж байгаад таатай байна. Монгол Улс бүсийн тээврийн хувьд чухал байр суурьтай байдаг. Газарзүйн хувьд ч онцлог. Бид өмнө нь автозамын салбарт түлхүү хамтардаг байсан бол ирээдүйд өөр салбарт, тухайлбал иргэний нисэхийн салбарт илүү нягт хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Ялангуяа алслагдсан бүс нутгийг иргэний нисэхийн салбараар дамжуулан холбох боломжтой. Ингэхийн тулд тээврийн салбарын мастер төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай. Үүн дээр бид хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.
Зам, тээврийн яамны зүгээс аймгийн төвүүдийг хилийн боомттой холбох, эдийн засгийн үр өгөөжтэй замуудыг барих, тээврийн анхдагч хууль болох Тээврийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслалцаа авах болон Иргэний нисэхийн стратегийн бодлогыг сайжруулах ажлуудад Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Хариуд нь банкны зүгээс хамтран ажиллах боломжтой гэдгээ мэдэгдлээ.
ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ


